Нээрээ энэ архины асуудалд анхаарал хандуулахгүй бол бид ер нь хэцүүдэж байна шүү. Энэ тал дээр манайхан бүр гаж гэмээр сонин сэтгэлгээтэй болчихсон. Тухайлбал, манай найз надад үргэлж "Манай гэр бүлд намайг архи уухаар л хэрүүл гардаг юм. Эхнэр аваад миний найз битгий архи ууж байгаарай. Архи ч хог шүү" гэсэн атлаа өөрөө архи уугаад бас найзуудаа уруу татаад яваад байдаг. Өөрт нь энэ тухай ярихаар "Би архины талаар хангалттай сайн мэднэ. Гэтэл чи надад яагаад сургааль айлдаад байгаа юм. Би чамайг найзаа гэж бодож байхад. Чи намайг ингэж боддог юм байна" гэх мэтээр уурлана. Тэгээд архи уусан үедээ түүгээр далимдуулж агсам тавина. Ингээд аргагүйн эрхэнд
түүнтэй архи уух шаардлагатай болж байгаа юм.
Нээрээ бодоод байхад архины хор уршгийн талаар надаас илүү мэддэг хүнтэй би юугаа ч ярих юм билээ дээ. Тэгэхээр манайхан бүгд архины хор уршгийн талаар сайн мэддэг. Тэгээд ууж байгаа болохоор заримдаа дэмжихэд ч буруугүй юм байна гэж бодоход хүрсэн. Гэхдээ таван настай хүүхэд архи ууна гэдэг арай биш ээ. Тэгээд бүр түүнийг архи уусан талаар дуудлага өгч, цагдаагийн мэдээнд бүртгэгдсэн байх юм.
Таван настай хүүхдийг эрүүлжүүлэхэд өгөх гэж цагдаад дуудлага өгмөөргүй л юм. Магадгүй хэн нэгэн дээрх хүүхдэд жаахан архи амсуулчихаад цагдаа нарыг яаж тэвдэхийг харж шоолох гэсэн ч юм бил үү. Гэхдээ өдий настай хүүхэд архи уусан байгаад л асуудал оршиж байна. Тэр хүүхдэд "Миний дүү эхнэр авахаараа л битгий архи ууж байгаарай. Архинд ах шигээ орчихвол амьдрал чинь хэцүүднэ шүү" гэлтэй ч биш.
Одоо бодоход таван настай байх үеийн явдал бараг санаанд ордоггүй. Заримдаа ээж амттай чихэр авч өгч байсан ч юм уу. Эсвэл тоглож байсан тоглоомууд бүүр түүрхэн санаанд орж ирдэг. Бага байхад санаанд үлдсэн зарим нэг зүйлийг ах, эгч нараасаа асуухаар "Чи тэр үед 5-6 настай байсан" гэдэгсэн. Гэтэл дээрх хүүхэд ээжээсээ "Би анх архи уухдаа хэдэн настай байсан юм бэ" гэж асуух нь байна. Харин ээж нь бахархалтайгаар "Миний хүү тэр үед таван настай байсан" гэж хэлэхгүй байх л даа.
Гэхдээ бид хойч үедээ ийм дурсамж үлдээж байна. Мэдээж хэрэг таван настай байхдаа архи уусан явдал ганцхан тэр хүүхдэд тохиолдсон байх. Гэхдээ хүүхдийнхээ дэргэд архи ууж, орж ирээд эхнэрээ зоддог эрчүүд олон бий. Тэгэхээр тэдний хүүхдүүд тийм л дурсамжтай үлдэх нь. Бас эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг үг ч бий.